Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний тасгийн зөвлөх эмч А.Буяндэлгэртэй ярилцлаа. Тэрээр өөрийн нүүр номоороо дамжуулан чихрийн шижин өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэдэг юм.
-Бид мэдлэг нимгэн, ойлголт бүдэг байдаг тул өвчнөө хүндрүүлчихдэг дутагдалтай. Эхлээд чихрийн шижин гэж ямар өвчин байдаг талаарх ойлголтыг уншигчдад хүргэе.
-Юуны өмнө миний үзэл баримтлал, ойлголт өнөөдрийн Монголын хэмжээнд мөрдөгдөж байгаа эмчилгээний стандартаас зөрдөг гэдгийг хэлье. Монголд энэ талын ойлголт хараахан нийтэд түгээмэл болж чадаагүй юм. Ерөнхийдөө хүлээж авах үйл явц удаан байна.
Манай эмнэлэг АНУ-ын эмч, доктор Бернштейнийн чихрийн шижингийн нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргыг нэвтрүүлээд хоёр жил болж байна. АНУ-даа сахарын өвчтэй нийт хүмүүсийн 10 хувьд нь нэвтрээд 50 гаруй жил нутагшсан. Мэдээж хэрэг анагаах ухааны нотолгоонд суурилсан. Чихрийн шижин өвчний нэг болон хоёрдугаар хэлбэр гэж байдаг. Тус өвчнөөр өвдсөн хүн амын 80-90 хувь нь хоёр, 10-20 хувь нь нэгдүгээр хэлбэрийнх гэж тэмдэглэгдэнэ.
Хоёрдугаар хэлбэр хүндэрсэн тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Харин нэгдүгээр хэлбэр нь эхэн үедээ цусан дахь сахарын хэмжээ нь ихэсдэг. Үүгээрээ төсөөтэй гэж хэлж болно. Бага насны хүүхэд, залуучууд нэгдүгээр хэлбэрээр өвчлөх нь элбэг. Нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь биеийн эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед чихрийн шижин өвчин үүсдэг. Өөрөөр хэлбэл, инсулинийн шүүрэл багасах болон инсулинийн дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнсний зүйл цусанд сахар болж ордог. Гэтэл энэ сахарыг цааш нь эд эсүүдэд хүргэж өгөх нь инсулинийн үүрэг.
-Эндээс тодорхой шинж тэмдгүүд илэрдэг байх нь …
-Үр дагаварт нь их уух, их шээх гэх мэт хам шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг бий болдог. Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй үед дээрх шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад амархан ядарч сульдана, биеийн хөгжил зогсох гээд нэрлээд байвал олон. Хоёрдугаар хэлбэрийг инсулинийн харьцангуй дутагдлын үе гэнэ. Инсулинийн ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ. Ихэвчлэн 35-аас дээш насныхан энэ хэлбэрээр өвчилсөн байдаг. Мөн чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд нь хамааралтай.
Ер нь энэ өвчний талаар ярина гэвэл хүн төрөлхтний түүхээс эхлэх хэрэгтэй. Хүн сармагчнаас бий болж, галыг амьдрал ахуйдаа хэрэглэх болсон тэр цагаас бидний оюун ухаан үсрэнгүй хөгжсөн. Хүн 10,000 жилийн өмнөөс улаан буудай тариалж эхэлсэн. Харин сахар 100, химийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүн 50-70 гаруй жилийн өмнө үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүний үүссэн он цагтай харьцуулахад энэ тоо хамаагүй багадна. Улаанбуудайнаас эхлээд хүний биеийн сахарын агууламжийг ихэсгэдэг бүтээгдэхүүнүүдийг би сая дурдлаа. Үүнээс өмнө хүн төрөлхтөн ихэвчлэн мах, өөхөөр л хооллодог байсан. Энэ үедээ ямар ч сахарын өвчлөлгүй болоод л байсан хэрэг.
-Та шинжлэх ухаан хөгжөөгүй хүний нийгмийн анхны байгууллын үед одоогийнхоос илүү дээр байсан гэж хэлэх гээд байх шиг байна …
-Энэ нь сахарын агууламжтай бүтээгдэхүүн иддэггүй байсантай холбоотой. Гэтэл XX зуунтай золготлоо монголчууд өөх, махаа л иддэг байсан шүү дээ. Тэр үеийн хүмүүсийг таргалалттай гэж хэлэхэд хэцүү. Цусан дахь сахарын хэмжээг нь авч үзвэл биднээс хавь эрүүл биетэй хүмүүс байсан гэж болно. Бүр энгийн жишээ авъя л даа. Чоно, гэрийн тэжээвэр нохой хоёроос ялгаа нь мэдрэгдэнэ. Чоно зөвхөн махаар хооллодог. Нохойдоо бид юу эсийг өгдөг билээ дээ.
-Өөхний хэрэглээг тал талаас нь л тайлбарлацгаадаг. Ойлголт нэг талдаа гарч чадахгүй байгаагаас бид өөхийг хэрэглэх нь зөв, буруу гэдэг дээр одоог хүртэл эргэлздэг …
-Өөх нь уургийн агууламж өндөртэй. Мөн хүний биед “А” хэлбэрийн бага нягтралтай липопротейнийг ихэсдэг. “А” хэлбэрийн бага нягтралтай липопротейн нь энергийн эх үүсвэр болдгоос гадна судасны хананд наалддаггүй. Өөх бидний дайсан гэдэг үзлээс салах хэрэгтэй. Олон арван жил гурил, төмс, будаа, чихрээр хооллосон хүмүүс өөх тостой хоолонд дастал заавал хугацаа шаардана. Гагцхүү өөрийнхөө биеийг эрүүл болох боломж олго.
-Монголчууд бид хүүхдийг бор хоолонд ороогүй шахам байхад нь аманд нь сүүлний өөх үмхүүлчихдэг. Уг нь иймэрхүү уламжлалт арга барил таны хэлсэнтэй зөрөхгүй байна, тийм үү?
-Шинжлэх ухааны үндэслэлтэй гэж хэлж болно. Сүүлний өөх нь ханаагүй хүчил ихтэй. Мөн хүүхдийн дархлааг маш сайн дэмждэг. Бэлчээрийн малын гаралтай л бол асуудалгүй. Өлсөх мэдрэмж төрөх нь ч бага. Өөх хэрэггүй гэсэн үзэл бол бидний дайсан.
-Үл зохицлын талаар мэдээлэл хүргэнэ үү?
-Гурил, чихэр, цагаан будаа, төмс, жимс гэх мэт цусан дахь сахарыг огцом ихэсгэдэг эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг нийт хүн амын 12 хувь нь шингээж чаддаг, 88 хувь нь чаддаггүй. Төрөлхийн гурил, чихрийн үл зохицолтой гэж хэлж болно. Тааруулж хэрэглэнэ гэж байхгүй. Гурилнаас зугтаах л зам бий. Монголын хүн амын 60 гаруй хувь нь илүү, түүний гуравны нэг нь хэт илүү жинтэй гэсэн судалгаа гарсан байна лээ. Хамгийн сүүлийн үеийнх биш ч гэлээ ойрмогхон хийсэн судалгаа.
Хүний биед 5 грамм цэвэр сахар байдаг. Хоолны том аягаар цуйван идлээ гэхэд 100 грамм цэвэр сахар цусанд орж ирнэ. Ингээд нойр булчирхайнаас инсулинийн даавар огцом ялгарч сахрыг эд, эс рүү чинь хуваарилна. Нэг сар, нэг жил, бүр 10 жил ч шингээнэ.
Тодорхой хугацааны дараа энэ их сахарыг шингээх, хадгалах боломжгүй болно. Энэ үед өнөөх илүүдэл сахар нь өөх болж хувирдаг. Таргалалт өнөөх гурил, будаа, төмс, жимс зэргийн хэрэглээнээс үүдэлтэй. Өөх цусан дахь сахарын хэмжээг ихэсгэлгүй тогтоон барьдаг. Өөрөөр хэлбэл, таргалаад өөхлөөд байгаа нь нэг талаараа биднийг хамгаалж байгаа урвалын нэг хэлбэр юм. Харин дараа нь олон жилийн хойно өнөөх сахарыг өөх болгож хадгалдаг дааврын хэмжээ багасахаар турах үйл явц эхэлдэг. Үүнийг чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр гэж нэрлэнэ. Яг үнэндээ хэзээ таргалж эхэлнэ, тэр үед өвчин үүснэ.
Эрүүл хүн хэзээ ч таргалахгүй. Хүн таргалах үед чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн суурь болдог гэсэн үг. Энэ механизмыг ойлговол эмчилгээгээ зөв хийж чадна. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийг инсулинийн дөжрөлийн үетэй холбон тайлбарлаж болох юм. Гурил, чихэр их хэмжээгээр тогтмол олон жил хэрэглэснээс болж хүний биеийн эд эс рүү өөрийн инсулин нь орж чадахаа больж инсулинийн дөжрөл үүсдэг. Инсулинийн дөжрөлийн эхний шинж тэмдэг таргалалт, дараагийн шинж тэмдэг нь цусан дахь сахар ихсэх үзэгдэл юм. Мөн инсулинийн дөжрөлөөс болж цусны даралт ихсэхээс авахуулаад бусад өвчин үүсдэг.
Бүр хүний биед үүсдэг нийт өвчний 70 хувь нь ч бий болох магадлал өндөр. Таргалалтаас цусны даралт, зүрхний шигдээс, бүх төрлийн чулуу, бамбайны дутагдал, дааврын илүүдэл, хортой хоргүй хавдар, үе мөчний өвчин үүснэ гээд явж өгнө. Цусны даралт, чихрийн шижин тэс ондоо өвчнүүд биш. Инсулинийн дөжрөлийн өөр өөр илрэлүүд гэсэн үг.
Нэг жишээ хэлье, цусны инсулинд өөрчлөлт бий болсноос үүдэж цусны даралт ихэссэн тохиолдолд яах вэ. Шалтгаангүй цусны даралт гэсэн онош тавина. Ингэснээр суурь өвчнийг нь эмчлэлгүй үлдээж байгаа юм. Нэг ёсондоо илэрсэн шинж тэмдгийг л дарж байгаа хэлбэр. Түүнээс биш эх үүсвэрийг нь хөндөөгүй гэсэн үг. Хорт хавдрын тухайд авч үзье. Хавдрыг нь тайраад авлаа гэхэд эх үүсгүүр нь цусан дахь инсулинд байж л байна. Тиймээс Бернштейн эмчийн дэвшүүлж буй саналаар бодисын солилцооны хямрал, илрэлүүдийг сууриар нь эмчилье гэж байгаа юм.
-Өвчний хор хөнөөлийн талаар юу гэж хэлэх вэ? Сэтгэл сэрдхийлгэм аймшигтай үр дүн гардаг юм билээ …
-Чихрийн шижинг нийгмийн асуудал, нийгмийн өвчин гэж хүлээж авах хэрэгтэй. Ингэвэл илүү ач холбогдол өгнө. Өвчний хор хөнөөлийн тухайд эмчилгээ үр дүнд хүрэхгүй бол 5, 10 магадгүй 20 жилийн дараа гар, хөлөө тайруулах, нүд сохрох,тархины үйл ажиллагаа буурч амархан зөнөх, мартамхай болох зэрэг аюул бий. Бүх эд эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлнө гэсэн үг. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр нь ийм сөрөг үр дагавартай. Дээрээс нь жам ёсоороо хөгширнө гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ үүнийг эрүүлээр даван туулах боломжтой. Цаг алдахгүй байх нь гол. Эмчилгээний гурван зарчим бий.
-Хэр үр дүнтэй вэ?
-Нэгд, өөх тос ихтэй, илчлэг сайтай хоол хүнсийг хэрэглэх, нүүрс ус багатай хоолны дэглэм сайн барих. Энэ нь эмчилгээний 90 хувь нь. Дараагийн дугаарт хүчний болон биеийн тамирын дасгал тогтмол хийх. Гуравт богинын мацгийг орлодог эм тариаг заавар, зөвлөмжийн дагуу хэрэглэ.
Гол нь ингэж хэвших нь чухал. Бернштейн эмчийн гол баримталж буй зарчим энэ. Хэзээ гурил, жимс, чихэр иднэ, тэр үед хүний бие дэх сахрын агууламж өснө. Манай ихэнх эмч нүүрс усыг тааруулан хэрэглэх тухай зөвлөдөг. Бернштейн эмчийн онолоор нүүрс усны төрөлхийн үл зохицол гэж байдаг. Энэ талаар нийт хүн амын 88 хувь нь төрөлхийн үл зохицолтой гэж дээр дурдсан. Нөгөө онол нь хүний биед хоол хүнсээр дамжин орж байгаа илчлэг, зарцуулж байгаа энерги хоорондын зөрүүний талаар юм.
Энэ хоёр хоорондоо зөрүүтэй байвал буюу илчлэг ихтэй хоол идээд, бага энерги зарцуулбал алсдаа чихрийн шижинтэй болно гэж үздэг.
Миний хувьд чихрийн шижин өвчний эсрэг эмчилгээг нэвтрүүлээд хоёр жил болж байна. Чихрийн шижин өвчин даамжирч харааны эрхтэнд нь сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол элбэг. Ийм тохиолдлоор өвчилсөн иргэд биднийг зориод ирэхэд зөвхөн нүдийг нь эмчилж, үлдсэнийг нь дотоод шүүрлийн булчирхайн эмч нарт даатгаад явуулдаг байсан.
Харин одоо бид идэвхтэй оролцож харааны эрхтэнг хамгаалахын тулд өвчнийг сууриар нь дарахаар Бернштейн эмчийн арга барилыг дагаж байна. Хүндэрсэн үедээ ирсэн ч эдгэрэх боломжтой. Чихрийн шижин хоёрдугаар хэлбэртээ шилжсэн бол тасралтгүй даамжирдаг, эмчлэгдэх боломжгүй гэж тодорхойлсон байх нь бий л дээ. Гэхдээ ийм байдлаас ангижрах, гарах арга зам бий.
Дээр дурдсан арга барилаар үүнийг хийх боломжтой. Түүнчлэн энэ жишгээс гажихгүй, эмчилгээг тууштай хэрэгжүүлбэл эрүүл мэндийн салбар нийт зардлаа 75 хувиар хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг Бернштейн эмч гаргасан. Түүний онолыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улс бол Швед бөгөөд 2014 онд тус улсын 800 гаруй хоолны эмч, дотрын эмч нартайгаа санал нэгдэж Засгийн газартаа Бернштейн эмчийн аргыг нэвтрүүлье гэсэн албан бичиг хүргүүлсэн. Зургаан жилийн үр дүнд өвчлөлийн тоо нь 10 дахин буурсан.
-Бид зөвхөн мах, өөхний хэрэглээнээс хамааралтай байхдаа эрүүл байсан тухай та ярьсан даа. Үүнтэй адил, төстэй жишээ байна уу?
-Нэг зүйлийг сонирхуулъя. 1913 онд Германы эмч нар Африкийн зарим улсад очиж судалгаа хийсэн байна. Гурил, чихэр, болон бусад сахарын агууламжийг ихэсгэдэг бүтээгдэхүүн очоогүй байсан үед юм гэнэ.
Тухайн үед судалгаанд оролцсон иргэдийн шүд эрүүл, хоолойн махгүй, мухар олгой ургаагүй, хорт хавдаргүй, ямар ч таргалалтгүй, цусны өвчингүй байж. Үүнийгээ баримтжуулж, баталгаажуулаад буцсан байна. Харин 30 жилийн дараа Африкт очиход иргэдийнх нь дунд төрөл бүрийн өвчлөл бий болсон гэдгийг нь тэмдэглэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, хүнсний хэрэглээнд нь шинэ бүтээгдэхүүнүүд нэвтэрсэн гэсэн үг. Бидний эмээ, өвөө, аав, ээж хүйтэн сэрүүнд өөх, тостой, илчлэг сайтай хоол, зундаа цагаан идээгээ хэрэглэдэг байсан. Өвчлөлөөс хол байсан гол шалтгаан нь энэ.
Өнгөрсөн цэрэг татлагын дүнгээр л гэхэд, эрүүл шүдтэй хүний тоо хангалттай хэмжээнд хүрч чадаагүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улс ходоодны болон элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлчихсэн явж байна. Иргэдийн маань гурил, цагаан будаа, чихрийн хэрэглээ хэт өндөр байна. Тиймээс өөхтэй мах ид гэж дахин зөвлөе. Хүнсний ногооноос байцайг оруулж болно.
-Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвдөх иргэдийн нас хэт залуужсан нь санаа зовоож байна …
-Ой ч хүрээгүй хүүхдийг бантангаар хооллож байна. Борог хоолонд ороход нь мөн л гурил, төмс өгдөг. Цэцэрлэгт нь ч ялгаагүй. Тийм балчир бие энэ их нүүрс, усыг дийлэх үү, дийлэхгүй. Ер нь гурил, төмс, будаанд бидний биед шаардлагатай амин дэм юу ч байхгүй. Хэрэгтэй нүүрс усаа мах, шар будаа, гурвалжин будаа, байцайнаас авч болно.Монгол Улсад энэ өвчнөөр өвчилсөн нийт 30-аад мянган иргэн бий. Ганц, хоёр жилийн өмнө албан ёсоор бүртгэгдсэн тоо нь. Таргалалттай мөртлөө “би сахаргүй” гэдэг хүн олон. Гэвч аль хэдийнээ эхэлчихсэн байхыг үгүйсгэх аргагүй.
-Ярилцсанд баярлалаа.
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: “Соёмбо” сонин