Бид бүгдээрээ WIFI-ийг буюу утасгүй сүлжээг хэрэглээд дасчихсан. Ердийн л үзэгдэл.
Харин утасгүй цэнэглэгч хараахан хэрэглээнд нэвтрээгүй байгаа. Тэгвэл Солонгос инженерүүд энэ асуудалд шийдэл болох нэгэн технологийг амжилттай туршжээ.
30 метр хүртэлх алсаас цахилгаан эрчим хүч дамжуулах чадалтай нэл улаан туяаны лазерыг ашиглан бүтээсэн энэхүү технологи хэрэв хэрэглээнд нэвтэрвэл та нэг өрөө лүү оров уу үгүй юу утас чинь автоматаар цэнэглэгдэж эхэлнэ гэсэн үг.
Утасгүй цэнэглэгч нь угтаа бол тийм ч шинэ технологи биш.
Утасгүй цэнэглэгчийн олон төрлүүд байдаг. Гэхдээ тэр бүр нь хэрэглэхэд төвөгтэй заавал тусдаа нэг томоохон хэмжээний төхөөрөмж зөөж явах шаардлагатай байдаг.
Тэрний оронд зүгээр нэг утас холбоод цэнэглэчихсэн нь илүү амар.
Харин Сэжоны Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн утасгүй цэнэглэгчийн шинэ загвар нь илүү авсаархан бөгөөд хэрэглэхэд хялбар ажээ.
Одоогоор 85 микроВаттын эрчим хүчийг дамжуулаад байгаа бөгөөд энэ нь тийм ч их биш юм. Гэхдээ энэ зарчмаар ажилладаг төхөөрөмжүүдийг хөгжүүлэх аваас нэг их удалгүй гар утсыг цэнэглэх хэмжээний эрчим хүчийг дамжуулах боломжтой гэж эрдэмтэд дүгнээд байгаа юм.
Судалгааны багийнхан одоогоор эрчим хүчний түгээлтийн хязгаарыг нэмэх асуудал дээр, мөн нэгээс олон тооны утсыг зэрэг цэнэглэж болгох тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ.