Москва хийн хоолойгоо хаасан тул Европ тив эрчим хүчний шинэ эх үүсвэр хайж эхэллээ. Энэ нь нүүрсний үнэ өсөхөд түлхэц болж дэлхийн хэмжээнд эрчим хүчний нүүрсний ханш 2008 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрээд байна. Европын хэмжээнд 2022 он эхэлснээс хойш есөн сарын хугацаанд нүүрсний ханш 150 хувиар нэмэгджээ.
Орос хий нийлүүлэхээс татгалзсаны улмаас Европт байгалийн хийн ханш 300 хувиар эрс чангарсан байна. Тиймээс Австри, Нидерланд, Итали нүүрс рүү шилжээд байгаа юм. Мөн Германы эрчим хүчний тэргүүлэгч компани Uniper 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл нүүрс түлдэг станцуудаа ажиллуулахаар шийдсэн гэжээ.
“Нефть, нүүрс гэх мэт төрөл бүрийн түлш боломжийнхоо хэрээр дэлхийгээс Европ руу урсаж байна. Учир нь Европт ханш маш өндөр байгаа юм. Үр дүнд нь Европ, Австралийн нүүрсний үнэ энгийн үеийнхээс бараг тав дахин нэмэгдээд байна” гэж Шведийн SEB банкны шинжээч Оле Хвалбае хэллээ.
Гэвч Европын холбооны нүүрсний импортын тал хувийг хоригоос өмнө мөн л Орос нийлүүлж байсан бөгөөд ихэнх хувийг Герман, Нидерланд авч байсан. Харин одоо эдгээр улс АНУ, Австрали, Өмнөд Африкаас нүүрс авахаас өөр аргагүй байдалд оржээ.
Эх сурвалж: Market Insider