Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр/2022.09.12/ хийсэн хэвлэлийн хурлын үеэр Монгол-Оросын хамтарсан III-р сургуулийн захиралтай холбоотой асуудлаар дахин тайлбар өглөө. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны сайд Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх тушаал гаргасан. Гэвч өнөөг хүртэл чөлөөлөгдөөгүй, ажлаа өгөөгүй байсаар байна.
Энэ талаар БШУ-ы сайл Л.Энх-Амгалан: Орос III сургуультай холбоотой асуудал дээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзон захирал Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж болохгүй. Сургуулийн хамт олны дотоод групп дээр долоо хоног бүр багш, эцэг эхчүүдийн жагсаал цуглаан зохион байгуулах талаар төлөвлөгөө хийж байсан гэх мэдээлэл ирсэн учраас олон нийтэд ил болгосон байгаа.
Ер нь Монгол Улс туурга тусгаар улс. Тиймээс Засгийн газрын, БШУ-ын сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан, тэдэн цагт тушаал шийдвэр гаргана гэдэг болчимгүй мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж байгаа хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байгаа. Тиймээс бид Орос III сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Мөн нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд өнөөдрийн байдлаар Монгол-Оросын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмчлөлд байна. ОХУ-аас нэг ч төгрөг гаргадаггүй. Өнөөдрийн урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдээс, 16 хувийг нь Монголын татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардал өгч байна. Тиймээс урсгал зардал, өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж сургуулийн удирдлагатай холбоотой Засгийн газрын шийдвэрийн эсрэг ямар нэгэн хүн, гадаадын этгээдийн аливаа явуулга, байр суурь илэрхийлэх хуулиар хориотой гэдгийг хатуу хэлье гэлээ.