Цэргийн дайчилгаатай холбоотойгоор Москва дахь АНУ-ын элчин сайдын яам иргэддээ ОХУ-д ирэхгүй байх, одоо байгаа иргэдээ яаралтай гарч явахыг зөвлөжээ.
Учир нь Орос-Америкийн давхар иргэний харьяалалтай иргэд цэргийн дайчилгаанд хамрагдаж болзошгүй тул ийм анхааруулга гаргасан байна.
“Есдүгээр сарын 21-нд Оросын засгийн газар Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй зэвсэгт хүчнээ дэмжих зорилгоор цэргийн дайчилгаа зарласан билээ. Ингэхдээ давхар иргэний харьяалалтай АНУ-ын иргэдийг дайчилгаанд хамруулж, тэдгээрт АНУ-ын консулаас тусламж авах, ОХУ-аас гарч явахыг зөвшөөрөхгүй байж болзошгүй байна. Тиймээс ОХУ-аас явахаар төлөвлөж байгаа бол аль болох хурдан хэрэгжүүлэхийг зөвлөж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнээс гадна үг хэлэх эрх чөлөө Орост баталгаагүй байдаг тул улс төрийн агуулгатай жагсаал цуглаанд оролцохоос зайлсхийх, оролцсон тохиолдолд хууль сахиулагчдын зураг дүрсийг камерт буулгахгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: Business Insider