АНУ-ын нүүрс үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй ч үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх боломж бага байна.
Олон улсад эрчим хүчний хомсдол нүүрлэснээр хамгийн их бохирдол ялгаруулдаг түлш болох нүүрсний эрэлт нэмэгдэж, АНУ-д тонн нь анх удаа 200 ам.доллар давлаа.
Өнгөрсөн долоо хоногт Төв Аппалачийн бүс нутгийн нүүрсний спот үнэ тонн нь 204.95 ам.доллар болж өссөн нь 2005 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагаас тайландаа дурджээ.
Тус улсын цахилгаан станцуудад гол түлш нь нүүрс хэвээр байгаа бөгөөд үнэ нь цаашид өссөөр байвал эрчим хүчийг урьд байгаагүй өндөр үнээр авч буй иргэдийн амьжиргаанд улам дарамт болох юм. АНУ-ын зургаан өрх тутмын нэг нь буюу нийт 20 сая гаруй өрх хэрэглээний төлбөрөө цаг тухайд нь төлж чадахгүй байгааг мөн мэдээлжээ.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг даган эрчим хүчний эрэлт нэмэгдсэнээр нүүрсний үнийн огцом өсөлт эхэлж, уул уурхайн компаниуд, байгалийн хий үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэлтийн хурдыг даваад байна. Үүний зэрэгцээ Украины дайнаас шалтгаалж цахилгаан станцуудад нүүрс, байгалийн хийн эрэлт улам нэмэгдсэн юм.
Харин нүүрс үйлдвэрлэгчдийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх боломж тэдэнд тун бага байна. Мөн гарцаа нэмэгдүүлж чадлаа ч гэсэн нийлүүлэлтийн сүлжээний саатлаас болж нэмэлт тээвэрлэлт хийхэд хүндрэл учрахаар байгаа аж.