БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч, дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий
- 65-аас дээш насны
- Архаг хууч өвчтэй хүн ам
- Эрүүл мэндийн ажилтан,
- 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх бөгөөд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулах юм байна.
Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд, харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба