УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал хөндөгдөв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах биш нээлттэй орхих байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “6.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 109.8 мянган өрхөд олгосон байна. 2022 оны эхнээс аравдугаар сарын байдлаар 523.2 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээлийг 5.8 мянган өрхөд олгосон. 2021 онд 13 мянган өрх уг зээлд хамрагдаж байсан. Өмнөх оны үзүүлэлтэд хүрэхгүй нь ойлгомжтой байгаа.
Цар тахалтай холбоотойгоор зээл төлөлтийг хойшлуулсан. Энэхүү шийдвэр гарснаас хойш 31 орчим сар өнгөрөөд байна. Тухайн зээлийг төлж болно, төлөхгүй нь хойшлуулж болно гэдгээр шийдвэр гарсан. Анх шийдвэр гарч байхад нийт зээл авсан иргэдийн 20 орчим хувь нь төлөхгүй байхаар байсан бол одоо бараг 50 хувьд хүрсэн.
Ипотекийн уг хөтөлбөр эргэлтийн сангийн маягаар өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо бий болсон гэдэг утгаараа төлбөр орж ирвэл дараагийн эх үүсвэр болж гарах боломжтой. Энэ онд ипотекийн зээл бага гарч байгаа нь төлбөр орж ирэхгүй байгаатай холбоотой.
Өнөөдрийн эх үүсвэрийн 80 хувийг Монголбанк , 20 хувийг банк гаргаж байгаа. Энэ бол төрийн бодлого. Дэлхийн олон оронд энэ арга хэмжээ хэрэгжиж байгаа. Нэгдсэн төсөвтэй байх ёстой, Цар тахлын хуулийн хугацаа дуусаж байгаа учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхэд бэлэн байгаа” гэв.