Нийгмийн сүлжээнд Чингис хаан одонгоор “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайханг шагнахаар болсон гэх мэдээлэл тархлаа. Үүний дагуу ЕТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулга өгчээ. Тодруулгад “Зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд Чингис хаан одонг хүртээхээр болсон гэх мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье. Чингис хаан одонгоор шагнагдах хүний нэрийг журмаараа ирэх долоо хоногийн даваа гарагт зарлана. Шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө ЕТГ-аас зарлах бөгөөд тэр хүртэл эл мэдээллийг нууцлах ёстой байдаг” гэлээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ. Чингис хаан одонг нийт 14 удаа олгосон бөгөөд энэ жил хэн тус одонг хүртэх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна.