НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр Сэлбэ голтой холбоотой маш их шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Сэлбэ голыг 60 сая доллараар тохижуулах, голын урсцыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Сэлбэ голын урсцыг сайжруулна, дунд нь цөөрөм байгуулна. Энэ нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн учир төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яамнаас баталж, НЗДТГ-аас нэгжийн удирдагчийг томилсон юм. Уг сонгон шалгаруулалтад иргэн Б.Цэцэг шалгарсан.
Төслийг мэргэжлийн бус хүн удирдах болсон нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн. Одоогийн байдлаар Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг төгрөг зарцуулагдаагүй байгаа. 2023 оны төсөвт тусгасан Сэлбэ голыг тохижуулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн учир нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татлаа.
Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болсон тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Нийслэлийн Засаг дарга Сангийн яаманд хүргүүлнэ гэлээ.