Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкны эрх хүлээн авагчаас авах өр төлбөр болон цаг үеийн асуудлаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгч байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
Бидний сар бүр төлж байгаа НД, ЭМД-ын сангийн мөнгийг завшиж байна. Мөн Хөгжлийн банкны зээл чанаргүй болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө татахад үнэтэй болно. Түүнийг ард түмэн л төлнө. Зээлээ төлөхгүй байгаа нөхцөлд одоо хүү төлөлт нь зогсож байдаг. Шүүх хяналтын байгууллагаар явж байхдаа ч тухайн хүүгүй мөнгөө ашиглаж байна. Хуулиар дамжуулж хэдэн тэрбумын төгрөгийг хулгай хийж байгааг засах цаг болсон. Хуулийг эргэж харах хэрэгтэй. НД, ЭМД, нийтийн сангийн тайланг олон нийтэд мэдээлэхийг бид хүссэн.
Удаах нь нүүрсний хулгайн асуудал. 1072 хувьцааг аваад 4 жил болж байна, иргэд ногдол ашиг гэсэн зүйл авсангүй. Гэтэл үүнийг цөөн хэдэн хүмүүс нийлж сүлжээ байгуулж, хулгайлдаг мафи үүссэн. Нүүрсний мафийг дийлэх боломжгүй гэсэн яриа хүртэл гарсан байна лээ. Монгол Улс асар их баялагтай ч иргэд нь маш ядуу болсон нь үнэн. Цалин хөлсийг шийдье гэхээр мөнгө байхгүй гэж бидэнд хэлдэг. Бид баялгаа авч чадахгүй байна. Баялгийнх нь толгой дээр хэдэн луйварчид очоод суучихсан. Энэ бол хоосон улс төржилт биш.
Сүүлийн 10 гаруй жил хилээр 2-5 сая тонн нүүрс гаргасан. Хөндлөнгийн шинжээч, хяналтынхан ажиллахгүй бол нийгмийн зүгээр нэг сенсаци болгоод дарах болов уу гэж эмээж байна. Саяхан нэг сарын хугацаанд экспортыг хоёр дахин нэмлээ гэж мэдэгдлээ. Өмнө нь байсан хүмүүс яагаад үүнийг хийхгүй байсан юм бэ.
Магадгүй тэд сүлжээний хүмүүс маш их хамгаалалттай.
Миний сонссоноор УИХ-ын 10-20 хүмүүс хамгаалдаг, мэддэг гэсэн. Нүүрс гарахгүй байна, мөнгө алга гэж олон жил ам тагласан. Үүний цаана маш том сүлжээ бий. Хууль хяналтын байгууллага, ТЕГ, Хил гааль, АТГ бүгд мэдэж байгаа.
Олон нийтийн төлөөллийн оролцоотойгоор хяналтыг бий болгох хэрэгтэй байна.
Манай улсад баялгийн хараал нь хүртсэн гэлтэй байна. Баялгийн үр өгөөж ард түмэнд хүртэхгүй 30 жил боллоо. Ард түмэн шилний цаанаас чихэр долоож, зарим нь нүүрсээр хагартлаа баяжиж байна.