Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг энэ сарын 15-ны өдөр АТГ-аас дуудаж байцаалт авсан. Иргэн Х.Баттулга дуудсан цагт ирж байцаалт өгсөн байна. Тэрбээр байцаалтад дуудагдахаасаа хэд хоногийн өмнө энэ сарын 18-ны өдөр БНСУ руу эмчилгээнд явахаар төлөвлөсөн гэдгээ илэрхийлжээ. Хуулиараа тухайн мөрдөгч таслан сэргийлэх ямар арга хэмжээ авахаа өөрөө шийдвэрлэдэг. Тиймээс мөрдөгчийн зүгээс түүнд Хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Ингэснээр Х.Баттулга уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн зүгээс ямар нэг саад учруулахгүй дуудсан цагт ирж байна гэсэн хувийн баталгаа гаргаж, холбогдох эмчилгээний нотломжуудыг үзүүлэн өнөөдөр БНСУ-ыг зорьсон байна. Энэ удаа Х.Баттулгад холбогдуулсан асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хөрс хуулалтын ажлын тендрийг хамаарал бүхий компаниуддаа авч өгсөн, уг тендрийн шалгаруулалтыг шийдвэрлэхдээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнээс байцаалт авсан юм байна.
“Нүүрсний хулгайн” гэх уг хэргийг шалгах ажил дөнгөж эхэлж байгаа учраас түүнийг хувийн баталгаандаа үнэнч байж, заасан хугацаандаа ирж үргэлжлүүлэн шалгуулна гэдэгт итгэх л үлдэв бололтой. Ямартай ч холбогдох хуулийн заалтуудаар түүнийг хил давахыг зөвшөөрсөн үйл явц нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа аж.