Ардчилсан Намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд “Мөрийн хөтөлбөр бол тухайн улс төрийн хүчний бодлого явуулах үйл ажиллагаа бөгөөд ард түмэнтэйгээ хийсэн гэрээ юм.
Өмнөх парламентад 30-уулаа байсан МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар “Хүчээ нэгтгээд” 60 болж орж ирсэн ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаад иргэд дүгнэлтээ өгч байгаагийн жишээ энэ жагсаал. Тиймээс Ардчилсан Намын зүгээс эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг нь нарийвчлан мэдээлж байх болно.
Түүнчлэн 2024 оны ээлжит сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдэж байгаа тул Ардчилсан Намынхан сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулах үйл ажиллагааг эхэлж байна.
Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр сонгуулийн санал авах амлалт бус иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлогын зорилтыг дэвшүүлэх зорилгоор мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар ажиллаж байна.
Ардчилсан Намын ээлжит бус 15 дугаар их хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг хэсгийг байгуулах чиглэлийг авсан. Бид 2024 онд өрх бүрийн өсөлтийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр бодлогоо боловсруулах зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаа гэдгийг мэдэгдье” гэв.