“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:
-Өнөөдөр нэг шүүх хурал болох гэж байна. Хөгжлийн банк, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тус банк манай үйлдвэрийг авах гэж байгаа юм.
“Цемент шохой” ТӨХК-ийг 2011 онд тухайн үеийн Засгийн газар, УИХ, ТӨХ-ны шийдвэрээр хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр барих нөхцөлөөр “Бейзмент” ХХК-д хувьчлах хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан. Энэ компани “Хөтөл” ХХК нэртэй болсон. Энэ компани бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн нууц компани гэж ойлгож болно.
“Хөтөл” ХХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК хоёр бол тусдаа компани. “Хөтөл” ХХК бол Сахал Д.Эрдэнэбилэгийн компани. Нэрийг нь өөрчилж, төөрөгдүүлсэн компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү хөрөнгө оруулалт хийнэ гээд 61 сая ам.долларын зээл аваад авчээ. Гэтэл энэ мөнгийг манайхаас нэхэмжлээд байгаа юм.
Тодруулбал, 2012 онд энэ компанийг Хөгжлийн банканд барьцаалж тус бүр 500 тонн, нийт 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын технологи бүхий хоёр үйлдвэр барьж ашиглалтад оруулах амлалт өгчээ. Таван жилийн хугацаатай 8.1 хувийн хүүтэй 61 сая 265 мянган ам.долларын зээл авсан байна. Түүний компанийн нэрээр авсан 61 сая ам.долларын өр нь өнөөдрийн ханшаар 340 орчим тэрбум төгрөг болж байна гэсэн. Энэ хэмжээний мөнгийг манайхыг хариуцагчаар татаад нэхэмжилж байгаа.
Авсан зээлээсээ нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна. Улмаар Хөгжлийн банк “Цемент шохой” ТӨХК-иас нэхэмжилж шүүхэд хандсан, өнөөдөр шүүх хуралдаан болно. Та бүхэн энэ хурлыг анхаараарай. Хэрэв Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Хөтөлийн үйлдвэрийн 820 гаруй ажилтнаас нэхэмжилж, үйлдвэрийг зээлийн төлбөр, барьцаанд хураан авах нөхцөл үүсвэл шударга бус үйлдэлтэй тэмцэх болно гэж мэдэгдэж байна.
Бүх нотлох баримтуудыг АТГ-т өнөөдөр хүлээлгэн өгч, шалгуулахаар хүсэлт тавьсан.