Монгол Улсын 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн иргэдэд Тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцааг олгосон байдаг. Гэхдээ үүнээс хойш иргэд компаниас нэг ч удаа ногдол ашиг авч байгаагүй бөгөөд одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” хөрөнгийн биржид бүртгэлгүй байгаа учраас иргэдийн хувьцаа амь ороогүй хэвээр буй.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч нийт 2,511,000 иргэн бий. Үүнээс 1,080,592 хүн 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол 1,430,408 иргэн хувьцаанаасаа тодорхой хэмжээг Засгийн газарт буцаан заржээ.
Тухайлбал, 741 ширхэг хувьцаатай 334519 хүн байна. Энэ нь 2011 онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн ба “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж, 300426 төгрөг авсан гэсэн үг.
Тэгвэл 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн буюу хувьцаа аваагүй иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгохоор болж, бэлтгэл ажлыг хангаж байгаа. Ингэснээр нэг сая орчим иргэн 1072 ширхэг хувьцааг нэмж эзэмших юм.
1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд компаниас ногдол ашиг хүртэх ёстой байсан ч энэ мөнгөөр Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьсан. Тиймээс энэ мөнгийг буцаагаад иргэдэд өгөх арга хэмжээг авах, Тавантолгой компанийн жилийн ашгийн 10-аас доошгүй хувийг иргэдэд жил бүхэн олгох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байгаа юм.
Тавантолгойн нэгж хувьцаа 933 төгрөг байгаа. Тэгэхээр нэг иргэн 1000176 төгрөгийн хувьцаа эзэмшиж байна.