Цахим орчинд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон тохиолдолд арван сая төгрөгөөр торгоно, хоёр сарын хугацаанд нийтэд тустай ажил хийлгэхээр болсон гэх мэдээлэл тархсан. Тус мэдээлэлтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
Тээврийн цагдаагийн алба: Монгол Улсын их хурлаас 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудалд байнга яригдаж байгаа ч хуульд өөрчлөлт ороогүй байна.
Энэхүү хуульд зааснаар жолооч:
3.1. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
3.2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Уг заалтууд өдгөө ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.