КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх заалттай.
Цар тахлын тухай хууль 2020-2022 оныг хүртэл мөрдөгдсөн, улмаар энэ жилээс хуулийн үйлчлэх хугацаа дуусаж байна.
Коронавирусийн тухай хуулийн 10.7 дугаарт орон сууцны ипотекийн зээлийн талаар заасан байдаг. Тодруулбал, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл хэмжээг нь нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах заалттай байсан. Дээрх хууль хүчингүй болсноор өмнөх шигээ төлж эхлэх эдийн засгийн гол өөрчлөлт үүсэж байна.
Коронавирустэй холбоотойгоор иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авна хэмээн холбогдох хуульд заасан байдаг. Тэгвэл цар тахлын үеийн хууль хүчингүй болсноор энэ үйлчилгээ дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл, ковидын халдвараар өвчилсөн тохиолдолд үнэгүй тусламж үйлчилгээ үзүүлэхгүй хэмээн ойлгож болно.
Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээг дээрх хуулийн 14 дүгээр зүйлд тусгасан байдаг. Тодруулбал, бүх төрлийн хугацаагүй хадгаламжид хүү бодогдохгүй байх талаарх заалт бий. Тэгвэл хууль хүчингүй болсноор бүх төрлийн хугацаагүй хадгаламжид хүү бодогдоно.
Түүнчлэн үүргийн гүйцэтгэл хангах арга буюу нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглож байсан. Энэ оноос эхлэн Иргэний хуульд заасны дагуу барьцаа хөрөнгөд үүргийн гүйцэтгэл хангах аргуудыг хэрэглэнэ.
Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно хэмээн Коронавирусийн тухай хуульд заасан байсан. Энэ зохицуулалт хүчингүй болж байна. Иргэний хуульд алдангийн хэмжээ 0.5 хүртэл байж болно хэмээн заасан байдаг. Тиймээс энэ заалтын дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн үг.
Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зургаа дахь заалтад, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
Мөн тэрбээр “Дараагийн өөрчлөлт нь дээрх хуулийн 3.2 дугаар заалтад байсан. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт авахгүйгээр төрийн албан хаагчдыг томилох асуудал.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль хүчингүй болсноор уг хуулийн үйлчлэлтэй байх хугацаанд томилогдсон албан хаагчид бүгд чөлөөлөгдөнө хэмээн ойлгож болно.
Тухайн үед иргэдийн хамгийн дургүйцэж байсан заалт нь танил тал болон шаардлага хангаагүй хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилж байна гэдэг эсэргүүцэл байсан. Коронавирусийн үеийн хууль цуцлагдсанаар энэ хүчингүй болж буй.
Дээрх хуулийн заалтыг үндэслэж 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 3,059 албан хаагч томилогдсон байна. Тэгвэл энэ хүмүүс бүгд сонгон шалгаруулалтад дахин орох хуулийн үндэслэл үүсэж байгаа. КОВИД-19-ийн тухай хууль хүчингүй болсноор тухайн албан тушаалтнуудыг үнэхээр чөлөөлж байна уу, үгүй юу гэдгийг шаардах асуудал үлдэж байна.
Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тусгасан байдаг.