БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт ОХУ дахь айлчлалаа эхлүүллээ. Энэ нь 2019 оноос хойших түүний Орост хийж буй анхны айлчлал юм.
Ши Жиньпиний айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр Хятад, Оросын удирдагчид Кремльд албан бус уулзалт хийсэн байна. Хятадын удирдагчийн онгоц Москвагийн Внуково-2 нисэх буудалд газарджээ. Хоёр улсын удирдагчид 4.5 цаг албан бус уулзалт хийсэн байна.
Ярилцлагын эхэнд Владимир Путин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэжээ. Хариуд нь Ши Жиньпин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын иргэд Путиныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд Ши Жиньпин 2024 оны сонгуульд В.Путин оролцох тухай яриагүй, зөвхөн Оросын ард түмэн Путиныг дэмжиж байгаа тухай ярьсан гэж мэдээлжээ.
Үүнээс гадна Владимир Путин Украины асуудлыг энхийн замаар зохицуулах Хятадын санаачилгыг Орос хүндэтгэж, Украины асуудлыг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөтэй анхааралтай танилцсан гэв.
Орос Украин руу довтолсны нэг жилийн ойн өдөр БНХАУ хоёр улсын дайныг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөг танилцуулсан. Төлөвлөгөө нь:
- “байлдааны ажиллагааг зогсоох”,
- “шууд яриа хэлэлцээг сэргээх”,
- “улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх”,
- “нэг талыг барьсан хориг арга хэмжээг зогсоох” зэрэг 12 зүйлээс бүрджээ. Барууны орнууд уг төлөвлөгөөнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Бээжин ихэвчлэн Кремлийн шийдвэр, байр суурийг дэмжих хандлагатай байгааг тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ Орост зэвсэг нийлүүлэх боломжийг судалж байна гэсэн бол Хятадын талаас уг мэдэгдлийг няцаасаар ирсэн юм.
Айлчлалын өмнөх орой нь Путины нийтлэл Хятадын Жэньминь Жибао сонинд, мөн “Российская газета” сонинд Ши Жиньпиний нийтлэл нийтлэгдсэн байна. Хоёр удирдагч хоёул Москва, Бээжингийн хамтын ажиллагааны талаар төдийгүй Украины эсрэг Оросын дайны талаар бичжээ.
Эх сурвалж: ВВС