Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ тогтоолоор дөрвөн асуудлыг шийдвэрлэлээ.
- Техник хяналтын 5 орчим сая ам.долларыг 2024-2027 оны төсөвт суулгахыг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад даалгалаа.
- Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр болох 4 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгахаар боллоо.
- Нийт 1241 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 13 тэрбум төгрөгийг 2024 онд өгч дуусгана.
- Усан сангийн нөлөөлөлд автах соёлын өвүүдийг авран хамгаалах 6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг 2024 оны төсөвт суулгах шийдвэр гаргалаа.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажил болох иргэдийг нүүлгэн шилжүүлэх, соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн дуусгана. 2023 оны төсөв суусан зардлаар Соёлын яам, Эрчим хүчний яам ажлаа хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Энэ сарын 31-нд БНХАУ-ын Экзим банкнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх мэдээллийг хүргэнэ. Төрийн зөвлөл дэмжсэний дараа зээлийн тусгай хэлэлцээрийг энэ оны II улиралд багтаан хийх төлөвлөгөөтэй байгааг Эрчим хүчний сайд мэдээллээ.