Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Иймд хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд мэдэж авах нь тун чухал юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг зөвлөмж болгон гаргажээ.
Хатгалгаа гэж юу вэ?
Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?
Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.
Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:
- Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
- Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
- Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Товлолын дагуу вакцинуудыг хүүхдэдээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.
Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:
- Ханиалгах
- Халуурах
- Нус гоожих
- Тайван бус болох
- Хоолонд дургүй болох
- Заримдаа амьсгаадах
- Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?
Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШРОХ гэнэ. Үүнд:
- 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
- 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
- 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
- Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
- Секундын зүүтэй юм уу эсвэл электрон цаг ашиглана.
Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.
Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?
Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ.
- Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.
- Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
- Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтад байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.
Хүүхэд өвчилсөн үед:
- Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
- Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
- Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.
ДАРААХ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ
- Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
- Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
- Бөөлжих
- Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
- Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
- ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
- Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
- Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
- Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.