“Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүх хурал арав дахь өдрөө үргэлжилж байна. Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ өчигдөр /2023.04.27/ мэдүүлэг өглөө.
Тэрбээр “Анх намайг улс төрийн нөлөө бүхий албан тушаал буюу дэд сайдаар ажиллаж байхдаа “Дарханы зам”-ын тендерийг будлиантуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, энэ нь гүйцэтгэх ажиллагаагаар нотлогдсон гээд 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хорьсон. Хоёр хоног буюу 48 цаг хоригдоод гараад ирсэн чинь 70 тэрбумын хахууль авсан гэж зохион байгуулалттайгаар сэвсэн байсан.
Одоо хүмүүс Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн авлига авсан л гэж бодож байгаа. Энэ ямар хэмжээний мөнгө юм бэ. Монгол Улсын хэмжээнд байдаг 13 мянган километр замын засвар, үйлчилгээний ажилд 50 тэрбум төгрөг зарцуулдаг. Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Дарханы замын төсөлд 71 сая ам.долларын өртөгтэй шүү дээ. 70 тэрбум төгрөгөөр 70 км зам тавина. Ингэж хүнийг зохион байгуулалттайгаар гүтгэж болдог юм уу?.
Яагаад зохион байгуулалттай гэж байна вэ гэвэл миний дүү Ж.Батзандан бид хоёрын зургийг хамтад нь эвлүүлж байгаад “Дарханы замыг таван жил гацаасан, энэ хүнээс болж энэ бүтээн байгуулалт зогссон, 70 тэрбум төгрөгийн хахууль авсан” гээд зохиолыг нь бичиж байгаа юм” гэв.