Одоогоос 23 жилийн тэртээ Монгол Улс 70 жилийн түүхт
социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг
сонгосноор үндсэн хуулиа шинэчилсэн билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх
чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс
хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан юм. Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их
хурлын 400 гаруй депутат гар бие оролцон 6 бүлэг 70 зүйлтэй батлалцаж байсан
түүхтэй. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75
орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байсан байна. Шинэ үндсэн
хуулийг батлахад Ховд аймгаас тухайн үеийн Алтай сумын нэгдлийн дарга
Д.Найдан, Булган сумын Засаг дарга Л.Чулуунбат, Буянт сумын ТАА-н дарга
А.Чойжил, Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн дарга Ц.Баахүү, Дөргөн сумаас
аймгийн Засаг дарга асан С.Балсанжамц, Дуут сумын Таван эрдэнэ компаний
захирал Ч.Батнасан, Зэрэг сумын Засаг дарга П.Төмөрөө, Манхан сумын Баясгалант
амьдрал нэгдлийн дарга Ү.Цэдэнбал, Мянгад сумыг төлөөлж МУ-ын Хөдөлмөрийн
баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, Мөст сумын Засаг дарга Д.Пүрэвдорж,
Мөнхайрхан сумын Мөнхоргил нэгдлийн дарга В.Цамба, Үенч сумаас хилийн цэргийн
ангийн захирагч П.Даш, Ховд сумаас АДХГЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хавал,
Чандмань сумаас нэгдлийн дарга Т.Санжаа, Эрдэнэбүрэн сумаас Аймгийн МАХН-ын
хорооны дарга Д.Буяндэлгэр, иргэн Д.Баяндалай, Жаргалант сумаас ИТХ-ын
тэргүүлэгчдийн дарга асан Т.Батмөнх, аймгийн нэгдсэн эмнэлэгийн их эмч асан
Хүний гавьяат эмч Ж.Даваабал нарын 18 хүн оролцож байжээ.