Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банк иргэдэд ипотекийн болон бусад өндөр дүнтэй зээл олгохдоо үйл ажиллагааны зардалд 1 хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй бөгөөд иргэн тухайн зээлээс авсан шимтгэлийг банкнаас нэхэмжлэх, эргэн төлүүлэх ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. Харин банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэмэжлэх гаргасан.
Тэгвэл уг нэхэмжлэлд холбогдох Захиргааны хэргийн шүүх хурал өнөөдөр болж, шүүхээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нийт зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл тооцон авч байгааг үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын гүйцэтгэх захирал Н.Мандуул “Ипотекийн зээлийн шимтгэл 1% үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр яллаа. Өмгөөлөгчиддөө баярлалаа. Хоёр цагийн турш банкуудтай мэтгэлцсэн. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр” гэжээ.