Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд боллоо.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн 400 харваачид онч мэргэнээ сорьсон.
Үүнээс Баян-Өлгий Аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ховд Алтайн Шонхор багийн харваач Спортын мастер Дамиранжавын Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж, Урианхай сурын Улсын мэргэн цолны болзол хангажээ.
Ташрамд дурдахад Урианхай сурын холбооны Удирдах зөвлөл улсын наадмын түрүү харваачаа төмөр хүлгээр мялаасан байна.
Урианхай сурын харваа нь Монголын хамгийн өвөг харваа хэмээгддэг бөгөөд эрт үеэс дайн тулаангүй энх амгалан цагт Монгол баатар эрчүүд сур, чөдрөө зангидан харваж наадаж байснаас Урианхай сурын харваа эхтэй гэж үздэг.