Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ахалж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй байгуулжээ. Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн хэдхэн цагийн өмнө үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлалаа.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан \”Баянгол дүүргийн 2 дугаар хороонд анхны дуудлага 12.10 цагийн орчимд ирсэн байгаа. Үүнээс хойш 20.50 минут хүртэл 5 иргэн хордсон, нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт явагдаж байгаа учир бид хуулийн хүрээнд өгч болох мэдээллийг өгнө” гэлээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд \”Нөхцөл байдлын талаар Ж.Батбаясгалан дарга товч танилцууллаа. Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд шинжилгээний дүн эцэслээд гарчихна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэж ярилаа.
\”Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан манай газраас нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацадсан. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байна. Иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Шинжилгээний хариу өглөө гэхэд гарчих байх. Тэр үед албан ёсоор дахин мэдээлэх болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар \”Иргэддээ хандаж хэлэхэд, та бүхний дэргэд архи согтууруулах ундаа хэрэглээд биеийн байдал муудсан хүн байвал 103 тоот утсанд хандаж дуудлага мэдээлэл өгөхийг хүсье” гэлээ.
Ажлын хэсгээс шинжилгээний дүн, дүгнэлт гарах хүртэл архи согтууруулах ундаа хэрэглэхээс аль болох татгалзахыг иргэдэд уриалж сэрэмжлүүлэг хүргэж байгаагаа хурлын төгсгөлд дахин дурьдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.