Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргалаа.
Шүүхийн шийдвэрлэлтийн тоймыг уншиж танилцуулав.
Тус тоймд “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлэхдээ нууцтай холбоотой буюу маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хуралдааныг хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд шүүхээс гаргасан шийдвэрийг товч танилцуулъя.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх 2023 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ.
- Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар
- Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарыг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238,683,390 төгрөг авсан болох нь тогтоогдсон хэмээн үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159,753, 220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв” хэмээн уншиж танилцууллаа.
Энэ хэрэг нь төрийн нууцтай холбоотой, маш нууцын зэрэглэлтэй учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүйг нэмж хэлэв.