Бямба гарагаас хойш орж буй борооны улмаас Бээжин хот үерт автаж, 20 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй болжээ. Үерийн нөхцөл хүндэрч олон мянган иргэн сургууль, цэцэрлэг гэх мэт нийтийн байгууламжид хорогдож байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр Бээжин хотын 11 иргэн, Хэбэй мужийн есөн иргэн амиа алдсан гэв. Мөн тус хотын Фаншан дүүрэгт 60 мянга гаруй айлын цахилгааныг таслаад байгаа аж. Эрсдэл өндөртэй бүсэд байрлах 125 мянган иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн.
Бээжин хотод бямба гарагаас хойш 500 миллиметр хур тунадас орж байгаа юм. Улмаар тус бүс дэх 13 голын усны түвшин нэмэгдэж, төв хотод гамшгийн зэргийг улаан түвшин рүү шилжүүлэв.
Энэ сарын эхээр мөн Хятадын Чунцин хот болон баруун өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: Ассошиэйтед Пресс