Монгол Улсын Засгийн газраас \”Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор \”Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Манай улс өмнө нь \”Алт хөтөлбөр” болон \”Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.