ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газар Шинэ сэргэлтийн таван тойрог гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлнэ.
Тус төсөл нь орон нутаг болон Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлаж буй асуудлуудыг нэг цогцоор шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлэх юм. Үүн дотор авто зам, эрчим хүчний дэд төслүүд, орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ бол урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр аймаг орон нутагт эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох, хүн амьдрах таатай орчин нөхцөл бий болгох хэрэгтэй.
Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд Засгийн газар дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох дэд төслийг арван аймагт хэрэгжүүлнэ. Хөвсгөл, Дорноговь зэрэг дулааны цахилгаан станцууд нь ажиллах дээд түвшиндээ хүрсэн байгаа аймгуудын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг ирэх жилээс төсвийн хөрөнгө оруулалтад тусгана.
Энэ нь аймаг орон нутагт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрэн хангах юм. Тухайлбал Дархан, Орхонд 20 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгоно.