Өмнөд Солонгосын багш нар эцэг эхчүүдээс ирж буй дарамт шахалтыг эсэргүүцэн жагслаа. Энэ удаагийн жагсаалд сахилгын арга хэмжээг үл тоон 200.000 гаруй багш нэгджээ.
2023.07.18 өдөр Сөүл хотын нэгэн бага сургуулийн залуу багш (23 настай) сурагчдын эцэг эхийн дарамтыг тэсвэрлэлгүй амиа хорлосон нь багш нарын эрхийн асуудлыг анхаарлын төвд оруулсан юм. Багш сургууль дээрээ амиа хорлохын өмнө бага ангийн багш сурагчдын дунд үүссэн маргаан нь эцэг эхийн гомдлоор үргэлжилсээр байсан гэнэ. Мөрдөн шалгалтын үеэр түүнтэй эцэг эх, сурагчид зүй бус харьцсан, тэр дундаа сурагчдыг хүмүүжүүлэхийн тулд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэж буруутгаж байжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрхийг хамгаалах цогц арга хэмжээ авах болсноо зарласан.
Засгийн Газрын төлөвлөгөөний дагуу эцэг эхчүүд нь багш нарын хувийн гар утас руу дуудлага хийх эрхгүй. Мөн тус улсын боловсролын яам гомдол барагдуулах шинэ системийг энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн хэрэгжүүлнэ. Шинэ системийн дагуу сургууль бүр доод тал нь таван багшаас бүрдсэн, захирлаар ахлуулсан гомдол хүлээж авах хороотой болно.
Эцэг эхчүүд багш нарт шууд хандах эрхгүй бөгөөд зөвхөн энэ хороонд хандан асуудлаа шийдвэрлүүлэх журамтай болно. Хороо бие дааж шийдвэрлэхэд хэцүү асуудлыг орон нутгийн боловсролын байгууллагын оролцоотойгоор хэлэлцэж, шийдвэрлэж байхаар болсон байна.
Түүнчлэн “багш нар сурагчдын эрхийг зөрчсөн” тухай эцэг эхчүүдийн гомдлыг хууль сахиулах байгууллага шалгахдаа орон нутгийн боловсролын байгууллагатай заавал зөвлөлдөх ёстой болжээ. Ингэснээр багш нар шударга бусаар шийтгүүлэх явдлаас сэргийлэх юм байна. Мөн багш нарын эрхийг зөрчсөн тохиолдлуудад хангалттай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан сургуулийн захирлуудад хариуцлага тооцох системийг чангатгах болжээ. Үүнээс гадна багшийн эрхэд халдсан сурагч, эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог болоход шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдийг боловсролын яам санаачлахаар төлөвлөсөн байна. Тухайлбал багшийн эрхэд халдсан сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлж, энэ нь их сургуулийн элсэлтийн шалгалтын оноонд нөлөөлөх тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Багшийн эрхэд халдсан нь батлагдсан эцэг эхчүүд заавал бичгээр уучлал гуйх, дахин ийм зөрчил гаргахгүй гэсэн амлалт авах, тусгай боловсрол олгох хөтөлбөрт албадан хамрагдах, эсвэл 3 сая хүртэл воны ($2,240) торгууль хүлээх шийтгэлтэй болох юм байна.
“Багш нарын эрхийг хүндэтгэдэггүй, сурагчдын эрхийг хэт чухалчилснаас болж хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллүүдийн тоо нэмэгдэж байна” гэж яамны мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Өмнөд Солонгост улсын сургуулийн 100 орчим багш амиа хорлосон. БНСУ нь өндөр хөгжилтэй орнууд дунд хамгийн өндөр амиа хорлолттой бөгөөд 100.000 хүн ам тутамд 20 гаруй хүн амиа хорлодог байна.