Украинд дайн хийж буй Орос улсад зэвсэг нийлүүлснийхээ горыг Пёньян амсана гэж Цагаан ордноос анхаарууллаа. Хойд Солонгос болон Орос улсын хооронд зэвсгийн наймааны хэлэлцээ амжилттай өрнөж, ойрын хугацаанд удирдагчдын түвшинд уулзалт болохыг АНУ-ын эх сурвалжууд мэдээлсэн.
Ким энэ сарын сүүлээр Хойд Солонгосоос холгүй, Номхон далайн эрэгт орших Владивосток руу хуягт галт тэргээр явж, Путинтэй уулзах магадлалтай гэж АНУ болон бусад албаны хүмүүс “New York Times” сонинд мэдээлэв. Владивосток хотноо есдүгээр сарын 10-13-ны хооронд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болно. Тус чуулганд өнгөрсөн жил 68 орны төлөөлөгчид оролцсон.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, “Пёньян, Москвагийн хооронд зэвсгийн хэрэгцээний асуудлаар удирдагч түвшний, магадгүй биечилсэн уулзалт болно гэж харж байна. Орос улс нь Хойд Солонгосоос авсан зэвсгээр Украины нутаг дэвсгэрийг эзлэхийг оролдоно. Удахгүй өвөл болох гэж буй тул голчлон хүнсний хангамж, дулааны дэд бүтцэд халдаж магадгүй. Энэ нь Хойд Солонгост сайнаар нөлөөлөхгүй бөгөөд тэд үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой золиос, төлбөр төлнө” гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайнд шаардлагатай нэмэлт зэвсэг авахаар өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгост очсон гэж Цагаан ордон мэдэгдэв.
Кремль Мягмар гаригт мэдээлэхдээ, “Путин, Ким нарын дээд хэмжээний уулзалтыг баталгаажуулах боломжгүй” гэжээ. Харин Орос улс Хойд Солонгостой хамтран цэргийн сургуулилалт хийх талаар асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Яагаад болохгүй гэж? Бид хөрш орнууд шүү дээ” гэж хариулсан байна.
Барууны хоригт орсон Орос улс өөрийн холбоотнуудаас цэргийн хангамжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Үүний зэрэгцээ Украин улс газар нутгаа эргүүлэн авахын тулд маш нарийн нягт нямбай сөрөг довтолгоог үргэлжлүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE