Сүүлийн өдрүүдэд улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд гарч байгаа аж. Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарласнаас хойш хүний машины дугаар хулгай хийж, хадаж яваад байна гэх асуудал ч байна.
Эдгээр зөрчлийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсээс асуухад “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийн шалтгааныг асуухаар хөдөө орон нутагт амралт зугаалгаар явж байхдаа хаясан гэдэг. Сүүлийн өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлаж буй үед найз нөхдийнхөө тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж хөдөлгөөнд оролцож байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хулгайд алдсан зөрчил бүртгэгдээгүй.
Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байна.
Улсын дугааргүй, бүдгэрүүлсэн, нуун далдалсан, бусдын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж/хуурамч/ замын хөдөлгөөнд оролцсон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулдаг.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж/25,000 төгрөг/, хуулийн этгээдийг 200 нэгж/200,000/ төгрөгөөр торгоно.
14.7.13-д зааснаар хуурамч буюу бусдын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашигласан бол 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасах, хүнийг 50 нэгж/50,000 төгрөг/, байгууллага, ААН-ийг 500 нэгж/500,000 төгрөг/-ээр торгож, хариуцлага тооцож байна” гэсэн мэдээллийг өглөө.
2023 оны эхний найман сард:
- Улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон 8,678 зөрчил
- Хуурамч дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 557 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Хэрэв хөдөө орон нутагт аялж явахдаа тээврийн хэрэгслийн улсын дугаараа алга болгосон зэрэг тохиолдолд Авто Тээврийн Үндэсний Төвийн нийслэл, аймгийн аль ч салбарт хандаж, дугаараа авах юм байна.