“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор есдүгээр сарын 23-ны бямба гаригт зохион байгуулах болсонтой холбоотойгоор албаныхан мэдээлэл өглөө.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: Энэ жилийн хувьд өглөөний 07:00 цагаас орой 18:00 цагийн хооронд Бага тойруу хэсэн буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Олимпын гудамжинд түр хязгаарлалтыг хийнэ.
Автомашингүй өдрийг жилдээ хоёр удаа зохион байгуулдаг. Өмнөх автомашингүй өдөр 2-12 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдэд биеийн хүчээр жийх унадаг дугуй болон дугуйт төрлийн тэшүүрээс бусад төрлийн цахилгаан скүүтер, цахилгаан унадаг дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа. Учир нь, автомашингүй өдөр гэр бүлээрээ бага насны хүүхдээ дагуулан алхаж байх үед цахилгаан хөдөлгөөнтэй тээврийн хэрэгслээр бага насны хүүхдийг мөргөж гэмтээх дуудлага өмнөх автомашингүй өдөр 12 ирсэн. Иймд биеийн хүчээр жийх унадаг дугуй болон тавцат дугуйнаас бусад цахилгаан хөдөлгүүртэй цахилгаан дугуй, скүүтерийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Энэ арга хэмжээний үеэр хүүхдийн үзлэг, чих хамар хоолойн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөмжийг хуваарилагдсан асруудад зохион байгуулна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын тамгын газар өөр өөрийн байршилд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байна. Харин Төв талбай дээрх үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас эхэлнэ. Талбайд соёл, урлагийн болон спортын олон үйл ажиллагаа явуулахаар болсон байгаа.
12 зах, худалдааны төв ажиллахгүй
Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилнэ.