IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс “Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаярын оршуулга, буяны ажилд оролцох хүсэлт гаргасныг шүүхээс шийдвэрлэсэн байна.
Тодруулбал “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, О.Мөнхжин, Б.Гантиг яллагдагчаар татсан билээ.
Тэгвэл О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс “…Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан “Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаяр нь 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан тул О.Мөнжин, Б.Гантиг нар талийгаачийн оршуулга, буяны ажилд зайлшгүй оролцох шаардлагатай байна. Иймд тэднийг уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү…” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс бичгээр ирүүлсэн хүсэлт, оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон.
Прокурорын зүгээс өмгөөлөгчдийн гаргасан саналыг дэмжсэн зэргийг харгалзан тэдэнд урьд авсан О.Мөнхжин, Б.Гантиг нарыг уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгожээ. Харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар