Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорив.
Тэмцээний сүүлийн өдөр 72кг-ын жинд барилдсан ОУХМ Энх-Амарын Даваанасан Дэлхийн аваргын төлөөх барилдаанд АНУ-ын залуу бөх Дэлхийн аварга Амит Элорт 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өмнөх барилдаануудад Польш, Болгар, Казахстаны тамирчдыг буулган авч мөнгөн медалийн болзол хангасан юм.
Мөн ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ий 68 кг-ийн жинд зодоглож Серб,Казахстан, Франц, АНУ бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Энэ удаагийн ДАШТ-д манай эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов. Мөн энэ жил олимпын эрх олгож байгаа бөгөөд эмэгтэй тамирчдаас 50кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпын эрх авлаа.