Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг хамардаг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өнгөрсөн хавар малчин айлын өвөлжөөнөөс дөнгөж төрсөн хоёр өнчин бамбарууш олж, тэжээжээ.
Байгаль хамгаалагчид бамбаруушуудыг хавар, зуны турш тэжээгээд намар байгальд нь тавихаар төлөвлөсөн боловч туранхай, байгальд бие даан амьдарч идэж тэжээлээ олох чадварт хараахан суралцаагүй байна гэж мэргэжлийн амьтан судлаачnд үзсэн тул ирэх өвөл хүртэл тэжээхээр болсон байна.
Бамбаруушнуудыг хүний асрамжид удаан тэжээвэл зэрлэг догшин чанар, байгальд бие даан амьдрах чадвараа алдана гэж үзэж буй аж.
“Бамбаруушнууд нялх байхад байгаль хамгаалагчид ороод хоол тэжээлийг нь өгдөг байсан бол бие томрохын хэрээр араатанлаг шинж нь илэрч байгаа бөгөөд хашааг томруулж, аюулгүй байдлыг хангах үүднээс хоол өгөхдөө оруулдаг төмөр торон хашаа гагнах зэргээр өвөлд бэлдэж байна. Амьтдын хоол тэжээл авах зардлыг улс хариуцна” гэж БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг ярив.
Баавгайн үндсэн хоол нь самар, жимс. Самар боловсорч эхлэхэд самраар хооллож эхэлснээс хойш бамбаруушуудын тарга тэвээрэг эрс нэмэгдэж байгааг байгаль хамгаалагчид хэлжээ.