Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ. Үүнээс зургаан байгууллагын дулаалгын ажил бүрэн дууссан бол нэг сургуулийн дулаалгын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна.
Боловсролын салбарт нийт 65 төсөл арга хэмжээнд их засвар хийхээр баталсан. Эдгээр төслөөс 28 нь нээлттэй сонгон шалгаруулалтаар, 37 нь харьцуулалтын аргаар тендер зарлажээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийг засварлах шаардлагатай байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд 190 арга хэмжээ төлөвлөснөөс 94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж буй. Үүнээс урсгал засварын 150 ажил 88 хувийн гүйцэтгэлтэй бол автомашин, тээврийн хэрэгслийн болон бусад ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Нийслэлийн Түргэн тусламжийн Хан-Уул дахь салбарын гадна фасад, бохирын шугам, цэвэр усны шугам татах ажил дууссан. Мөн тус дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын Б блокийн гадна фасад тохижилтын ажил дуусжээ.
Одоо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн халуун усны шугамын ажил үргэлжилж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийн засварын ажилд анхаарах шаардлагатай байгааг онцолж байв.
371 км дулааны шугам засварлалаа
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд нэг, хоёрдугаар сард тендерийн материал бэлтгэж, дөрөвдүгээр сард холбогдох байгууллагуудтай засварын ажлын графикийн төлөвлөгөөгөө батлуулан, тавдугаар сарын 1-нээс засварын ажлуудаа хийж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар их засвар, хөрөнгө оруулалтын нийт 17 төрлийн 2,300 гаруй ажил 98 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Мөн тус байгууллагын зүгээс энэ жил нийт 15 төв магистралийн 371 км дулааны шугам засварлажээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр нийт 110 нэр төрлийн 176 багц, 289 цахилгаан дамжуулах агаарын шугам, 2928 тоноглолд урсгал засварын ажил хийхээр төлөвлөсөн.
2023 оны урсгал засварын ажлыг гуравдугаар сарын 13-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн.
Харин их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлж, аравдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна. Одоогоор их засвар, техник зохион байгуулалтын ажлын гүйцэтгэл 87.1 хувь, урсгал засварын ажлын гүйцэтгэл 99.8 хувь, дунджаар 93.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энхтайваны гүүрний хажуу талын дулааны шугамыг шинэчлэх шаардлагатай
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц: Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1,706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьтай байгаа. Эдгээрийг айл өрхүүд өөрсдөө хөрөнгөө гаргаж солих учраас гүйцэтгэл хангалтгүй байна.
Мөн явган хүний зам дээрх худгийн түвшнийг тааруулах ажил бүрэн дууссан. Өнгөрсөн жил Энхтайваны гүүрний хажуу талд хагарсан 300-гийн шугам энэ жил мөн хагарсан. Гэмтэл их гарч байгаа учраас зураг төсөв хийж, шинэчлэх шаардлагатай байна гэлээ.
Цэвэрлэх байгууламжийн лаг хуваарилах барилгын ажил болон элсний талбай чөлөөлөх ажлуудын хувьд тендер зарласан ч үнэлгээ багадсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ороогүй
“Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү: Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 32 төрлийн ажил төлөвлөснөөс 100 хувийн биелэлттэй 23 ажил, гэрээ хийсэн долоо, тендер зарлаад амжилтгүй болсон хоёр ажил байна. Төлөвлөгөөний биелэлт 85.5 хувьтай.
Цэвэрлэх байгууламжийн лаг хуваарилах барилгын ажил болон элсний талбай чөлөөлөх ажлуудын хувьд тендер зарласан ч үнэлгээ багадсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ороогүй. Гүний худгуудын цуглуулах шугам муудаж, усны алдагдал их болсон тул 600 метр шугамыг хуванцар шугамаар шинэчилсэн. 2018 оноос хойш 15.1 км шугам сүлжээг доторлосон. Энэ жилийн хувьд 1,440 метр шугамыг доторлолоо. Европын холбооноос ирэх бараа материалын нийлүүлэлт удааширсантай холбоотойгоор доторлосон шугам бага байгаа гэв.
“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хувьд энэ жил 108 ажил төлөвлөсөн бөгөөд биелэлт 100 хувьтай байна. Мөн Сэлбэ дулааны цахилгаан станц нүүрсний хагас сарын, халаалтын зуухнууд долоо хоногийн, шингэрүүлсэн хийн түлшний 15 хоногийн нөөцтэй байгаа аж. Тус байгууллагын хувьд 61, 120, 124 дүгээр сургуулийн зуухны хүчин чадлыг бага хэмжээгээр төлөвлөсөн нь хүндрэл учруулахаар байгааг онцолж байлаа.
Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэв
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 81 хувьтай үргэлжилж буй.
Үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд 117 байршилд 2835.12 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэжээ. Мөн 13 байршилд 874 метр шугам, хоолойг угааж, давхардсан тоогоор 59 байршлаас 26,691 шоо метр усыг соруулсан байна. Нийт 276 худагт засвар хийж, 133 сувгийн тагийг нөхөж тавьжээ.
ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Энэ онд Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Архивчдын гудамж, “Алтай” хотхоны урд, Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам гэсэн дөрвөн байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсраад байна.
Түүнчлэн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний хүрээнд 23 байршилд 26.5 км сувгийг цэвэрлэж, 19,304.6 шоо метр лаг хагшаасыг тээвэрлэсэн.
Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн дуусгахаар ажиллаж байна” гэв.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн байгууламжийн нэг байгууллагын ажил доголдоход бусад ажилд саад учирна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлын уялдаа холбоог хангах зорилгоор энэ уулзалтыг хийж, тулгамдсан асуудлуудын талаарх мэдээллийг авч байна.
Арга хэмжээ авах шаардлагатай байршлуудыг тодорхойлж, тухайн байршилд холбогдох албаныхны хамт ажиллан, тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэхээр ажиллана” хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС