Далай дээгүүр тавьсан Хятадын анхны өндөр хурдны төмөр зам пүрэв гарагт (2023 оны есдүгээр сарын 29)ашиглалтад оржээ. Уг зам Зүүн Хятадын Фүжянь мужийн Фүжөү, Сямэнь хотуудыг Тайваний хоолойн баруун эрэгтэй холбох юм.
“Фүшин” хурдан галт тэрэг Фүжянь мужийн засаг захиргааны төв Фүжөү хотоос 09:15 цагт хөдөлснөөр Фүжөү-Сямэнь-Жанжөү чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний замын хөдөлгөөн нээгджээ.
Шинэ төмөр замын нийт урт нь 277 км бөгөөд 19.9 км-ыг нь далайн дээгүүр тавьсан байна. “China State Railway” корпорацын мэдээлснээр, энэ нь далай дээгүүр тавьсан Хятадын анхны өндөр хурдны галт тэрэгний төмөр зам бөгөөд түүгээр явах галт тэрэгний хамгийн дээд хурд нь 350 км/ц юм.
Уг төмөр замаар зорчсоноор Фүжөү хотоос Фүжянь мужийн эдийн засгийн төв бөгөөд аялал жуулчлалын хот болох Сямэньд нэг цаг хүрэхгүй хугацаанд очно. Өмнө нь хамгийн хурдан галт тэргээр 1 цаг 20 минут явдаг байжээ.
Өндөр хурдны төмөр зам далайн эргийн Чюаньжөүвань, Мэйжөүвань, Аньхайвань гурван булангаар дайран өнгөрдөг бөгөөд инженерүүдийн хэлснээр, эдгээр буланд төмөр замын гүүрийг барихад маш хэцүү байжээ. Гурван буланд гүүр барихдаа хүчтэй салхи, өндөр давалгаа, далайн гүний зэврэлттэй холбоотой асуудлыг шийдсэн байна. Түүнчлэн уг төмөр зам нь газар хөдлөх эрсдэл ихтэй бүс нутгаар дайран өнгөрч байгааг нарийн тооцсон ажээ.
Төмөр замын зураг төсөл, барилгын ажлыг “China Railway Siyuan Survey and Design Group Co” компани гүйцэтгэсэн байна.