Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү уулзалтаалт хоёр улсын төрийн тэргүүн нарын энэ сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийсэн уулзалтаар тохирсон Монгол Улсаас ОХУ-д экспортлох ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд тавих татварыг хөнгөлөх асуудлыг шийдвэрлэх хүлээлттэй байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гаригт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр талууд Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал, банк санхүүгийн салбарт хөдөө аж ахуйн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцсон аж.
Тухайлбал, талууд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн, баруун бүсийн төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудалд санал нэгдсэн. Харин ОХУ-ын талаас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” хоолойн төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх саналыг тавьсан байна.
Тэгвэл ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлаг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ Монгол Улсад бага оврын атомын цахилгаан станц барих санал тавьсан талаар мэдээлжээ.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко энэ үеэр “Бид Монгол Улсад бага оврын атомын цахилгаан станц байгуулах төслийн хэтийн төлөвийг аль хэдийн томоор харж байгаа. Тэр дундаа уур амьсгалын тухай Парисын хэлэлцээрийн дагуу цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн” гэх байр суурь илэрхийлсэн юм.
Ийнхүү Монгол Улс Францын төрийн өмчит Орано компанитай хамтран Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны ордын төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, цэвэр эрчим хүчний түүхий эд олборлохоор зэхэж байгаа энэ үед ОХУ-ын талаас манай улсад атомын цахилгаан станц барих санал тавиад байна.