Францад тэсрэх бөмбөгийн аюулын талаарх мэдээлэл эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудын аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах арга хэмжээ авч эхэллээ.
Тухайлбал нийслэл Парис хотын нисэх буудлуудын аюулгүй байдлыг хариуцдаг эргүүлийн тоог 40 хувиар, галт тэрэгний буудлуудад ажиллаж буй цагдаагийн эргүүлд хүч нэмэгдүүлэхээр үндэсний төмөр замын SNCF компанийн ажилтнуудын 20 хувийг дайчилна гэж Францын Тээврийн сайд Клеман Бон мэдэгдэв.
Чечень гаралтай 20 настай залуу Францын хойд нутгийн Аррас хотод нэгэн сургуулийн багшийг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ сарын 13-нд болсон халдлагаас хойш Франц улс даяар хууль хүчний байгууллагынхан алан хядах ажиллагаа, халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Мөн сүүлийн үед Францын томоохон хотуудын галт тэрэгний буудал, сургууль, соёлын төвүүдэд тэсрэх бөмбөг байршуулсан гэх худал мэдээлэл улс орон даяар тархаж буй.
Энэ сарын 22-нд Парисын ойролцоох Версалийн ордонд халдлага гарч магадгүй гэсэн мэдээлэл ирсний дараа жуулчид, зочдыг яаралтай аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн. Ийм тохиолдол Версалийн ордонд сүүлийн найм хоногийн хугацаанд долоо дахь удаагаа бүртгэгдээд байгаа аж. Мөн Парисын Луврын музейд тэсрэх бөмбөг байршуулсан гэсэн мессеж ирсний дараа музейн дотор байсан 3000 жуулчныг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
“Хуурамч мэдээлэл тараах нь ноцтой гэмт хэрэг. Бид эдгээр мэдээллийг мөрдөн шалгах болно. Гэсэн хэдий ч манай улс болон Европын түүхэн дэх томоохон халдлагуудыг нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал зэрэг олон нийтийн газар үйлдсэн байдаг. Иймээс бид болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж Клеман Бон хэллээ.
Эх сурвалж: DW