Өнгөрсөн сард Парис хотын хурдны зам дээр Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн 600,000 еврогийн үнэ бүхий эд зүйлээ дээрэмдүүлсэн тухай Францын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг дээрмийг үйлдсэн гурван этгээдийг баривчилсан тухай Францын цагдаагийн эх сурвалж AFP агентлагт ярьсан байна.
Тэднийг өнгөрсөн долоо хоногт Парисын хойд хэсгийн Сейн-Сэн-Денис хэмээх ядуу хорооллоос баривчилсан гэнэ.
Аравдугаар сарын 11-ний өдөр Шарль Де Голийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас Ланди хонгилоор дамжин Парисын төв рүү таксигаар зорчиж байсан албаны төлөөлөгч, гэргийн хамт дээрэмдүүлсэн гэдэг.
1.3 км урт үргэлжилдэг Ланди хонгил хулгай дээрэм гардгаараа алдартай юм байна.
Скутер хөлөглөсөн гэмт хэрэгтнүүд тухайн үед автомашины цонхыг хагалаад арын суудлаас үнэт эдлэл бүхий цүнхийг авч зугтсан гэж цагдаа нар мэдээлсэн юм.
Аравдугаар сарын 25-ны өдөр энэ хэргийг үйлдсэн 22-25 насны гурван эрэгтэйг Сэн-Денисээс баривчилжээ.
Тэднийг бас аравдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын хоёр иргэний 500,000 еврогийн үнэт эд зүйлсийг дээрэмдсэн гэж мөрдөгчид сэжиглэж байгаа гэнэ.
Баривчилгааны үеэр цагдаа нар ямар нэг зүйл олоогүй ч гар утсанд нь хадгалагдсан үнэт эдлэлийн гэрэл зургуудыг олсон юм байна.
Сэжигтнүүдийг урьдчилан саатуулах төвд хорьсон бөгөөд арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүх хурлын эхний сонсгол товлогджээ.
Эх сурвалж: Barron’s