Эрсдэлийн үндэсний форум 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна. Уг форумыг зохион байгуулах талаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм.
Тус форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмрийг оруулах юм.
Энэ удаад “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар хамтран улсын хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөсөн байна.
Форумын зохион байгуулалтын талаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр ” Эрсдэлийг бууруулахад стандарт чухал үүрэг нөлөөтэй. Стандарт хаана хэрэгжиж байна тэнд эрсдэл бага байдаг. Энэ форум бол одоо үед маш чухал ач холбогдолтой. Стандарт хэрэгжихгүй байгаа учраас эрсдэл бий болдог. Тиймээс уг форумыг олон талын дэмжлэгтэйгээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна” гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Уг форумаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж буй байгалийн болон хүний буруутай үйл ажиллагааны, стандарт журмыг мөрдөөгүйгээс гарсан сөрөг үр дагаврын эрсдэлүүдийг хэлэлцэнэ. Мөн эрсдэлийг удирдах замаар тогтвортой хөгжлийг бий болгох, мөрдөж хэрэгжүүлнэ. Эрсдэлийг шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг хөндөнө. Бүх дэд бүтэц, хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэлүүдийг уг форумын хүрээнд ярилцана. Монгол Улсын бүх аймагт эрсдэлийн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах удирдамж чиглэл гарсан.
Энэ форумыг зохион байгуулахад НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, олон улсын байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашид бид эрсдлийн талаарх контент, үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ.
Форум
• Нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд
• Гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа
• Эдийн засгийн эрсдэл түүнийг удирдах, шилжүүлэх санхүүгийн бодлого
• Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээ гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.