Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар дээд түвшний уулзалтад оролцож байна.
Ерөнхийлөгчийг Дубай экспо төвийн задгай асарт хүрэлцэн ирэхэд АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр болж буй дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихад хүлээсэн үүрэг амлалтаа ахиулан тодорхойлох, уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээнд бүх талын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах хүч чармайлтыг нэгтгэхийг зорьж байна.
СОР28 бага хурлыг даргалагч Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар цогц үнэлгээ хийх зэрэг асуудлыг чухалчлан үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч дээд түвшний уулзалтын 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.