“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол үргэлжилж байна. Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ оролцож буй юм.
Тэрбээр сонсголд гэрчээр оролцох үеэрээ “Тавантолгой” ХК-д БЭТ томилогдсоноос хойш хөрс хуулалтын ажлын зардал өссөн. Өнөөдөр хөрс хуулалт хэдэн төгрөгийн үнэтэй болсон бэ гэдэг асуултыг тавьсанд сонсголыг удирдаж буй, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр уурсав. Тэрбээр “Арван хэдэн жилийн хамаг юмаа устгасан хүмүүс шалгасан хүмүүсээс л баримт нэхээд байх юм. Бүхэлдээ хянан шалгах ажил хийлгээгүй, Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ. Таныг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ -ийн дарга байх үеийн баримт байхгүй. Сүүлдээ Түр хорооныхноос өөрийнхөө ажиллаж байсан үеийн баримт нэхээд сууж байх юм. Архивт ч байхгүй. Дүгнэлт хийх аргагүй байна гэдэг дүгнэлт гаргачихаад сууж байна ш дээ. Энэ компанийн талаар ямар ч баримт алга. Үерт урсчихсан байна гэж хэлсэн байна лээ” гэв.
УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ “Би өнөөдрийн үнийг уг нь мэдмээр байгаа юм. Тэрийг л асуусан юм. Намайг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ -ийн дарга байх үеийн хурлын материалыг үзээрэй. Хэрхэн яаж ашгийн төлөө ажилладаг байсныг мэднэ. Би архивын хүн биш ш дээ. Менежемэнт хийж, компанийг ашигтай ажиллуулахын төлөө л ажиллаж байсан хүн. Цаад материал яагаад алга болсныг би архивын хүн биш ш дээ, мэдэхгүй, “Тавантолгой” компанийн удирдлага биш шүү дээ. Үнэ асуухаар өмнөх юм чинь ийм байна шүү гэж шахсан асуудлаар ажил явахгүй байх.
Миний үед хариуцах асуудал бол ТУЗ -ийн хурлын материал л надтай холбоотой. Хадгалагдсан хувь надад байгаа байх. Ил тод ард түмэндээ үзүүлж харуулна. Бусдыг би яаж мэдэх юм, архивын эрхлэгч биш” гэв.