БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийгөө
өмөөрч мэдэгдэл хийлээ. Банзан гитар балбаж байгаа зургийг нь шүүмжилснээс
болоод тэр л дээ. Төрийн хүн гитар тоглож болохгүй гэсэн журам байхгүй. Гэхдээ
бухимдсан ард түмэнд түүний үйлдэл таалагдаагүй нь мэдээж.
Харин сайдтан өөрийн байгуулсан
сургуулийнхаа өрөөнд гитар тоглож амс хийсэн гэх тайлбарыг өгсөн байгаа юм. Сургуулийнх
нь өрөөнд нь хүртэл намынх нь туг хатгаастай байдаг л юм байна. Арга ч үгүй биз. Олон жил МАН-даа \”зүтгэж” байгаа хүн. Аягүй бол унтлагын цагаан хэрэглэл нь хүртэл МАН-ын
туг байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Мөн \”Юун архи. Архи надад зохихгүй. Би бие
муутай” гэв. Манай Ерөнхийлөгч шиг шинэ
оны босгон дээр сүү өргөдөг гээд бараг л хэлчих шахлаа.
Хэн хаана юу хийх нь хэн бэ гуайд ямар хамаа
байх вэ дээ. Хамгийн гол нь бүгд утсаа мааждаг болчихсон энэ үед төрийн түшээд
нь эвгүй дүр төрхтэй мэлийгээд гараад
ирвэл бүгд л уурлаж бухимдах нь ойлгомжтой. Ингэлээ гээд иргэдийнхээ интернет
хэрэглээг хязгаарлах тухай ярьж байгаа бол ёстой \”уурлана” шүү.
\”Манайх шиг интернет хэрэглээтэй
орон байхгүй. Гадаадын 5 одтой буудалд буухад 30 доллар нэмж төлөөд интернет
авдаг. Замбараагүй интернет хэрэглээг хязгаарлах хэрэгтэй” гэж мэдэгдлээ л дээ.
Юу ч яриад байгаа юм. Монгол Улсын аялал жуулчлалын сайд хүн шүү дээ. Мөн
томилолт, туршлага судлал гээд л гадаад дотоодоор зугаалаад л байдаг. Энэ үедээ
интернетийн хэрэглээ ямар өндөр хөгжсөн байгааг л олж хараагүй байна гэдэг сонин юм шүү. Урагшаа бараанд явсан найзууд маань \”бүдүүн зах”-аас интернетээр шууд
холбогдож байхад сайд маань интернет ашиглахын тулд буусан буудал болгондоо 30
доллар нэмж төлөөд явсан байх юм. Бүтэхгүй ээ. Ийм хүн аялал жуулчлалын сайд хийж
таарахгүй.
Тэгээд ч хажууд нь сууж байгаад л
зургийг нь дараад олон нийтэд тарааж байгаа тэдгээр хүмүүстээ хариуцлага
тооцохын оронд бухимдлаа дарж ядаж байгаа олон нийтийг чөдөрлөх тухай ярьж
байна гэдэг тун буруу юм. Ярьж хэлж байгаагаа хянаж, хийж хэрэгжүүлж байгаагаа цагдаж, төрийн түшээ шиг бай л даа. 20 гаруй жил төрийн ордон суучихаад эвгүй
зураг даруулаад гэнэ алдаад л сууж байх юм.
Шар хүү
Үндэстэн агентлаг