“TasteAtlas” сайтаас гаргасан тайланд Ази тивийн хамгийн амтгүй хоолтой улсаар Монголыг нэрлэжээ.
Тус сайт нь 2018 оноос хойш улс орнуудын үндэсний хоолыг сурталчлах замаар аялал жуулчлалыг хөгжүүлж буй сайт юм. Хоол шүүмжлэгчдийн шүүмж, тоймууд нийтлэхээс гадна улс орнуудын онцлог хоолыг танилцуулдаг.
Ийн жагсаахад Ази тивийн хамгийн амтгүй хоолтой улсаар Монгол улс бичигдсэн байна. Монгол Улс 3.74 үнэлгээ авсан нь Азийн орнуудаас хамгийн бага үнэлгээтэй байгаа юм.
Улс орнуудын хоолны амтыг үнэлэхдээ тухайн орны шилдэг гэсэн 30 хоол, уух зүйлийг хэрэглэгчид хэрхэн үнэлснийг дундажлан гаргадаг аж.
Хэрэглэгчид хоол тус бүрд өөрийн үнэлгээг чөлөөтэй өгөх боломжтой бөгөөд тэдний үнэлгээ “бодит” эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан шалгасны дараа оноог нь тооцдог гэв.
Жишээ нь нэг хэрэглэгч зөвхөн нэг улсын хоолонд сайн үнэлгээ өгөөд бусдад нь мууг өгөөд байвал тус хэрэглэгчийн үнэлгээг тооцдоггүй.
2022 оны байдлаар тус сайтын судлаач нар 10 мянга гаруй хоол, 9000 орчим рестораныг ангилан танилцуулсан байна.