Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6-р ангийн сурагчид есдүгээр сарын 21, аравдугаар сарын 12-ны өдөр 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэж байсан билээ.
Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар холбогдох зургаан байгууллагад шинжээч томилон ажилласан.
Шинжилгээний урьдчилсан дүгнэлтийн талаар өнгөрсөн арваннэгдүгээр сард салбарын сайд Л.Энх-Амгалан “Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ.
Удахгүй зарлана.
Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан” хэмээн мэдэгдээд сураг чимээ алдарсан билээ.
Тэгвэл энэ талаар албан бус эх сурвалжын мэдээллээр “Тухайн сурагчид электрон тамхинаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн гэсэн шүүх шинжилгээний дүгнэлт ирсэн.
Тодруулбал, хүүхдүүд электрон тамхины ар талын шингэнийг задалж асгаснаас болж хордлогод орсон аж. Тухайн шинжилгээний хариу ирэхэд сургалтын алба сурагчдын эцэг эхчүүдтэй уулзаж энэ асуудал чимээгүй болсон” гэлээ.
Уг асуудлын талаар 18-р сургуулийн сургалтын албанаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзаж шинжилгээний хариу ирээгүй байгаа гэх тайлбарыг өглөө.