Энэ оны төсөвт цалин тэтгэврийг ирэх сарын 1-ээс нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнд тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх бол цалинг хоёр байдлаар нэмэх юм. Инфляцтай уялдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Мөн орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчидад олгож эхлэх юм.
Нийт цалин, тэтгэвэрийн нэмэгдэлд энэ жил 881 тэрбум төгрөг зарцуулах юм.
ЦАЛИН, ТЭТГЭВЭРИЙН НЭМЭГДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ИРЭХ САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИЙДВЭРҮҮД:
-Нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин 20 хувь -Бусад төрийн албан хаагчдын цалин 10 хувь нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана. -Суманд ажиллаж буй ТӨРИЙН ЗАХИРГААНЫ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ болон УЛС ТӨРИЙН албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувь -Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагчдад 20 хувь -Сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх мөнгөн урамшуулал олгоно. -Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ. -Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэн баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
2024 онд 500 орчим мянга нь тэтгэвэр авч байна. Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 25 жилийн дараа энэ тоо хоёрд дахин нэмэгдэнэ. Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг.
2023 онд бид төрийн алба хаагчийн олон тогтолцоотой сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр шийдвэрлэсэн. Тэтгэврийн сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд зардал нэмэгдэж байна” гэлээ.