Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эхний тэмцээн 10 хоногийн дараа Хонконгт эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын 16 баг өрсөлдөх бөгөөд үүнд Монголын шигшээ багтаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулагч Хонконгоос гадна Нидерланд, Латви, Монгол, Австри, Швейцар, Египет, Шинэ Зеланд өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Монгол, Хонконг, Нидерланд, Унгар, Азербайжан, Египет, Чили, Польш гэсэн найман баг оролцох юм.
Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд бүрэлдэхүүнээ зарлажээ. Олимпын эрхийн тэмцээнд баг тамирчдыг Стив Сер, Г.Цэнгүүнбаяр нар удирдах бөгөөд бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан байна. Дээрх бүрэлдэхүүн өнгөрсөн жил Азийн аварга болж байсан юм. Тэд “В” хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай багтлаа.
Харин тэмцээний чансаагаар зургадугаарт бичигдэж буй Монголын эмэгтэй шигшээ багийн тухайд хэдхэн хоногийн өмнө Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн бүрэлдэхүүнээ илгээнэ. Тодруулбал, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар эх орноо төлөөлнө. Монголын эмэгтэй шигшээ “В” хэсэгт Нидерланд, Азербайжан, Чилитэй таарчээ.