Япон улсад ЮНЕСКО-гоос зохион байгуулсан бүжгийн олон улсын уралдаанд манай улсын уран бүтээлчид амжилттай оролцож, алт, хүрэл медалийн эзэн болжээ.
Тодруулбал, тус тэмцээнд оролцсон Э.Амаржаргал болон Г.Түмэннасан нар хамтлаг бүжгийн төрөлд оролцож алтан медаль хүртсэн байна. Тэдний тухайд М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, Д.Ганпүрэвийн хөгжим “Эх биелгээ” бүтээлээр тэмцээнд оролцож амжилт гаргасан аж.
Харин гоцлол бүжгийн төрөлд Э.Амаржаргал нь дэглээч М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим “Тамган биелгээ”-гээр хүрэл, бүжигчин Г.Түмэннасан мөн дэглээчийн “Өнцөг бий” бүтээлээр хүрэл медаль эзэн болсон байна.
Тэгвэл дээр шагналыг хүртсэн Э.Амаржаргалын тухайд Завхан аймаг дахь “Амка дэнс” төвийн үүсгэн байгуулагч, бүжигчин, “Мөнгөн мод” шагналт нэгэн бол Г.Түмэннасан нь “Түмэн эх” чуулгын бүжигчин юм.
Түүнчлэн, тус уралдаанд оролцсон “Амка дэнс” төвийн суралцагч хүүхдүүд алт, хүрэл медалийн эзэд болж, Монгол Улсын уран бүтээлчид ганзага дүүрэн иржээ.